Түүх соёлын хөдлөх дурсгалын талаар

  Соёлын биет өв гэж юу вэ?

“Соёлын биет өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалыг хэлнэ.

 Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл гэж юуг хэлэх вэ?

“Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл” гэдэг нь тодорхой орон зайд шилжүүлэн байрлуулах боломжтой дурсгал юм.

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд юуг хамааруулах бэ? 

НҮБ-ийн Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-гийн 1970 онд Парис хотноо хуралдсан Ерөнхий бага хурлын 16 дугаар чуулганаар баталсан “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” конвенцид  “… Соёлын үнэт зүйлс нь ард түмнүүдийн соёл, иргэншил, соёлын үндсэн хэсгүүдийн нэг мөн бөгөөд гарал үүсэл, түүх, орчин тойрон нь жинхэнэ үнэ цэнийг нь тодорхойлж байдаг …”  хэмээгээд “Соёлын үнэт зүйлс нь археологи, түүхийн өмнөх үе, уран зохиол, урлаг, шинжлэх ухааны ач холбогдолтой  гэж улс, бүр үнэлж байгаа шашны буюу шашны бус шинж чанартай бөгөөд дор дурьдсан ангилалд хамраарагдах зүйлийг хэлнэ” гэж  тооцно.

 
  1. Ургамал, амьтан, эрдэс, цогцсын ховор дээжис, цуглуулга болон палеонтологийн ач холбогдолтой зүйлс,
  2. Түүхийн үнэт зүйлс, тухайлбал, шинжлэх ухаан, техник, дайн нийгмийн түүх, түүнчлэн үндэстний нэрт зүтгэлтнүүд, сэтгэгчид, эрдэмтэд, жүжигчид болон үндэсний томоохон үйл явдалд холбоотой зүйлс,
  3. Археологийн олворууд (жирийн болон далд) болон археологийн нээлтүүд,
  4. Урлагийн болон түүхийн хөшөө дурсгал, археологийн  ач холбогдол бүхий газрын бүрэлдэхүүн хэсгүүд,
  5. 100 жилээс өмнөх үеийн бичээс, цутгамал эд зүйл, зоос, тамга тэмдэг зэрэг хуучны эд юмс,
  6. Угсаатны зүйн материалууд,
  7. Урлагийн үнэт зүйлс (гар аргаар үйлдсэн бүх төрлийн уран зураг, уран баримал, сийлбэр, бар, цутгамлууд, уран сайхны сонгомж, эвлүүлэг)
  8.  Ховор гар бичмэлүүд, хэвлэмэл зүйлс, түүх, урлаг, шинжлэх ухаан, уран зохиол зэрэг онцгай сонирхол татаж байгаа баримт бичиг, хэвлэл гарц нэгээрээ буюу цуглуулга,
  9. Шуудангийн марк, татварын марк, түүнтэй ижил төстэй маркнууд ганц нэгээрээ буюу тэдгээрийн цуглуулга
  10. Дууны бичлэг, гэрэл зургийн, киноны болон бусад архивууд,
  11. 100 жилийн өмнөх үеийн эртний модон эдлэл, хөгжмийн зэмсгүүд.
 

Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6-р зүйлд зааснаар  дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамааруулна:

  1.   ховор эрдэс;
  2.  эрдэнийн чулууны ховор олдвор;
  3.   солир;
  4.  ховор болон ховордсон ургамлын хатаамал цуглуулга, амьтны чихмэл;
  5.  эртний ургамал, амьтны олдвор;
  6.  археологийн олдвор;
  7.  угсаатны хувцас, чимэглэл;
  8.  уламжлалт аж ахуйн тоног хэрэгсэл, хөдөлмөрийн багаж зэвсэг;
  9. угсаатан, ястны уламжлалт хөгжмийн зэмсэг, эд өлгийн зүйл;
  10.  уламжлалт тоглоом, наадгай;
  11.  уламжлалт шашин, шүтлэгийн холбогдолтой эд өлгийн зүйл;
  12.  бичгийн дурсгалт зүйл;
  13.   дүрс, дуу авианы баримт;
  14.  дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл, холбогдох эд өлгийн зүйл;
  15.  уламжлалт монгол эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэрэглэгдэхүүн, тэдгээрт холбогдох эд өлгийн зүйл;
  16.  гэр, сууц, тэдгээрт холбогдох эд өлгийн зүйл;
  17.  бусад түүх, соёлын дурсгалт зүйл
  /Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6-р зүйл/